|
|
|
"Хэрэв та шүүмжлэгчдийг тэвчиж чадахгүй бол шинэ, сонирхолтой зүйл бүү хий." - Жефф Безос |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,931.1 нэгжид хүрч, 0.83 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Өнгөрөгч 6-р сард болсон сонгуулийн үр дүнгээр шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Улсын Их Хурлаас бий болсон хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт 2024-2028 он хооронд Монгол Улс ОХУ-аас БНХАУ руу экспортлох байгалийн хийн хоолой төсөл багтаагүй байна.
Уг төсөл нь дайны нөхцөл байдалтай байгаа ОХУ-д санхүүгийн хувьд ихээхэн чухал байсан ба Монгол Улсын газар нутгийн 2594км талбайг хамрах төсөл юм. Энэхүү төсөл зогсонги байдалд орсон төдийгүй манай хөрш орнууд гэрээ, хэлцэл дээр тохирох хүртэл хойшилсон гэж Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд ажиллаж байсан нэгэн эрхэм ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр хэлэхдээ ОХУ Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хийн хоолойг хянах гэсэн хүсэл нь Бээжинд таалагдаагүй байх магадлалтай гэж мөн онцолсон байна.💭
Жил дунджаар 50 тэрбум куб метр байгалийн хийг дамжуулах Сибирийн хоолой 2 гэх уг төслийн бүтээн байгуулалт 5 жил үргэлжлэх байсан ба байгалийн хийн дамжуулах хэмжээ нь одоогийн ОХУ-аас Европын орнууд руу өгч буй хэмжээтэй бараг тэнцүү юм байна. Өөрөөр хэлбэл ОХУ Европ тив рүү нийлүүлж буй хэмжээтэй дүйцэхүйц зах зээлээ алдлаа.⚖️
Зарим нэг эх сурвалж БНХАУ-ын байгалийн хий худалдан авах санал нь ОХУ-ын дотоодын зах зээл дээр түгээж буй үнэ байсан ба уг санал нь санхүүгийн хүндрэлтэй тулгараад буй Газпромын хүсэлд нийцээгүй байна.💱
Түүнчлэн уг төслийн бүтээн байгуулалтад ашиглагдах санхүүгийн эх үүсвэр ОХУ яг одоо байхгүй, нөгөө талаас БНХАУ төслийн санхүүгийн эх үүсвэрийг ОХУ-аас гаргуулах хүсэлтэй байсан төдийгүй тэд яаравчлан шийдвэр гаргахыг хүсээгүй гэхэд болно.
Москва хотын эдийн засгийн сургуулийн зочин багш Алексей Чигадов хэлэхдээ Монгол Улсын байгалийн хийн төслийн энэхүү нүүдэл нь “эрүүл”, “оновчтой” гэж дүгнэсэн байна.
- Монгол улсын өмнөд Говийн бүсэд байрлах Xanadu Mines компани нь "Хармагтай" төслийн нөөцийн хэмжээгээ шинэчлэн танилцууллаа. Энэхүү шинэчлэн танилцуулсан мэдээлэлд алтны боломжит нөөц 764 мянган унцаар буюу 9 хувиар, зэсийн боломжит нөөц 463 мянган тонноор буюу 14 хувиар тус тус нэмэгджээ. Энэ нь үндсэн өрөмдлөгийн загварыг шинэчлэн 7,300 метр урт шинэ өрөмдлөгийг оруулсан болон нөөцийн тайлагналын шалгуураа шинэчилсэн зэрэг өөрчлөлтүүд сайн үр дүн гарахад нөлөөлсөн байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны нөөцийн сангийн тэргүүн тун удахгүй бодлогын хүүг бууруулна гэж дохио өгсний үндсэн дээр DJIA болон S&P 500 индекс нар бүх цаг үеийн дээд түвшнийгээ дахин шинэчиллээ. 7 хоногийн хамгийн чухал үйл явдал жил тутам зохион байгуулагддаг Жексон Хоулд болсон эдийн засгийн симпозиум байлаа. Тус эдийн засгийн симпозиум дээр Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл илтгэл тавьсан ба тус илтгэл дээр хөрөнгө оруулагчдын анхаарал төвлөрсөн юм. Тэрээр "Бодлогын зохицуулалт хийх цаг ирсэн." хэмээн мэдэгдсэн нь зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн юм. 7 хоногт S&P 500 индекс 1.45 хувь, DJIA индекс 1.27 хувь, технологийн NASDAQ Composite индекс 1.40 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Бидний хувьд 9-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар бууруулахыг тодорхой гэж үзэж байгаа ба гэнэтийн байдлаар 0.50 хувиар ч бууруулах орон зай үүссэн гэж таамаглаж байна.
- АНУ-ын 8-р сарын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх S&P Global PMI индекс 48-д хүрч бууралттай гарсан бол үйлчилгээний салбарын идэвхжилийг илэрхийлэх S&P Global PMI индекс 55.2-д хүрч өсөлттэй гарлаа. (Жич: PMI 50-иас дээш байх нь тэлэлт доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банк болон Холбооны нөөцийн сан нар ирэх сард бодлогын хүүг бууруулах нь бараг тодорхой болсон тул Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.20 хувь, STOXX Europe 600 индекс 1.31 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн 8-р сарын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үйлдвэрлэлийн салбарын PMI 45.6-д хүрч бууралттай гарсан бол үйлчилгээний салбарын PMI 51.2-д хүрч өсөлттэй гарлаа. Үйлчилгээний салбарын идэвхжил нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан нь Францад болсон Олимпын наадамтай гэж холбоотой байна
- Евро бүсийн 7-р сарын инфляцын түвшин 2.5 хувиас 2.6 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 2.9 хувьд хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 0.79 хувь, TOPIX индекс 0.23 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Сүүлийн үеийн санхүүгийн зах зээлийн тодорхойгүй савлагааны улмаас төв банк бодлогын хүүгээ өсгөхгүй байж болох юм гэх найдлагатай холбоотойгоор зах зээл өслөө.
- Япон улсын төв банк 7-р сарын Мөнгөний бодлогын шийдвэрээрээ бодлогын хүүг өсгөсний дараа тус улсын валютын худалдан авах чадвар болон хувьцааны зах зээлд хүчтэй савлагаа орсон билээ. Үүнийг төв банкны зүгээс харгалзан үзэж төв банкны Дэд ерөнхийлөгч зах зээл тогтворгүй, савлагаа өндөр байвал төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс хөрөнгө оруулагчид төв банкны дараагийн Мөнгөний бодлогын шийдвэрт хэрхэн гарах дээр тодорхой хүлээлтийг дэвшүүлж чадахгүй байна.
- Япон улсын 7-р сарын суурь инфляцын түвшин 2.6 хувиас 2.7 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Үндсэн инфляцын түвшин өөрчлөлтгүй буюу 2.8 хувьд хэвээр хадгалагдлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралын болзошгүй эрсдэлд хөрөнгө оруулагчид санаа зовнисон хэвээр байна. Үүний улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.87 хувь, CSI 300 индекс 0.55 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Даваа гарагт БНХАУ-ын төв банк суурь хүүгийн түвшнийг хэвээр үлдээлээ. БНХАУ-ын 1 жилийн хугацаатай зээлийн хүү 3.35 хувь, 5 жилийн хугацаатай зээлийн суурь хүү 3.85 хувь байна.
- Эдийн засагчид БНХАУ-ын төв банкийг хүүгийн түвшнийг дахин бууруулах боломжтой гэж үзэж байна. Уг орон зай Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж эхлэх үед үүсэхээр байна.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 3.804 хувьд хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.88 хувиас 0.90 хувьд хүрч өслөө.
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.61 хувиас 6.80 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.38 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.34 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.65 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
“ЛЭНДМН ББСБ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА 2024.08.23
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлан", санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд:
2024 оны эхний хагас жилийн байдлаар компанийн нийт хөрөнгө 201.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 114.5%-иар, нийт зээлийн багц 180.1 тэрбум төгрөгт хүрч 107.5%-аар өссөн байна.
Нийт орлого 39.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 90.4%-иар, цэвэр ашиг 17.1 тэрбум төгрөгт хүрч 106%-иар өссөн.
Компанийн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 3.6% байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 нэгж хувиар, салбарын дундаж чанаргүй зээлийн үзүүлэлттэй харьцуулахад 2.3 нэгж хувиар бага байна.
Нийт 12 тэрбум төгрөгийн хаалттай бонд гарган эх үүсвэр татан төвлөрүүлсэн.
Дэлгэрэнгүй |
|
“ХААН БАНК” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА 2024.08.22
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Санхүүгийн гүйцэтгэл:
2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт актив 20.2 их наяд төгрөгт хүрч, 2023 оны эцэстэй харьцуулахад 16.3 хувийн өсөлт үзүүлсэн. Активын өгөөж 3.4 хувьтай тогтвортой байна.
Нийт зээлийн багц 17.3 хувь буюу 1.7 их наяд төгрөгөөр өсч, 11.3 их наяд төгрөгт, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 18.6 хувь буюу 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 17.8 их наяд төгрөгт тус тус хүрлээ. Чанаргүй зээлийн харьцаа 5.3 хувиас 4.5 хувь болж сайжирлаа. Хөрвөх чадварын харьцаа 45.2 хувь буюу зохистой харьцаа 25 хувиас дээш байх шалгуурыг бүрэн хангаж байна.
2024 оны эхний хагас жилд 290.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Үүнээс хүүгийн цэвэр орлого 587.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүллээ. Өөрийн хөрөнгийн өгөөж 28.5 хувьтай байна.
Дэлгэрэнгүй |
|
|
|